Ширээт хутагт нь Ар Халхын 13 тамгатай хутагтын нэгэн бөгөөд Монголын бурхны шашин, төр нийгмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Ширээт хутагтын дүр Энэтхэг орноо арав, Төвдийн орноо зургаа, Монгол орноо зургаан удаа тодорсон бөгөөд нийт 22 дүр хувилан гийсний нэг нь Ширээт хутагтын 6-р дүр Агваангэлэгдамбийжанцанд Бадаргуулт юм. Ширээт хутагтын 6-р дүр Агваангэлэгдамбийжанцанд Бадаргуулт нь төрийн хорин есдүгээр /1903/ онд Ширээтийн хүрээ одоогийн Архангай аймгийн Чулуут сумын харъяат ардыг захирах тамга олгох шийдвэр гарсан ч олгоогүй байсаар хожмоо 1916 оноос Шива буюу Номч мэргэн билэгт цол хүртэн Дилав хутагтын хамтаар тамгаа хүлээн авсан түүхтэй ажээ. Ширээт хутагтын Монголд тодорсон дүрүүд: Анхдугаар дүр нь 1558-1640 онд амьдарч Номун Эзэн буюу Ханджав тойн. Хоёрдугаар дүр 1681-1743 онд амьдарч байсан Лувсаншива хутагт. Гуравдугаар дүр 1744-1797 онд амьдарч байсан Намхайдорж хутагт. Дөтдүгээр дүр 1798-1830 онд амьдарч байсан Хайнзинлодойсамбуу хутагт. Тавдугаар дүр 1831-1875 онд Балданчоймбол хутагт. Зургаадугаар дүр 1876-1929 онд Агваангэлэгдамбийжанцан хутагт юм. ШИВА ШИРЭЭТ ХУТАГТЫН ХҮРЭЭ БАЙГУУЛАГДСА ТҮҮХ, УЛАМЖЛАЛ Ар халхын тамгатай 13 хутагтын нэг Сайн ноён хан аймгийн Шива ширээт хутагтын Ширээтийн хүрээ 1778 онд анх байгуулагдсан түүхтэй. Эл хүрээ нь халхын томоохон хүрээ хийдэд тооцогддог байсан бөгөөд цам гарах, майдар эргэх гэх мэт томоохон зан үйл хийгддэг байсантухай түүхэн баримт бий. Ширээтийн хүрээ нь бусдаас содон дэг жаяг, хурал номын ёс, ая дантай байснаараа ялгардаг бөгөөд 22 сүм, дуган, хийд бүхий зургаан жастай, нэг сантай тухайн үеийн шашин, соёлын томоохон төв, халхын нэр нөлөө бүхий хийдийн нэг байжээ. Энэ хүрээнд үүссэн маани, дууллыг одоо ч хүмүүс хөгжөөдөг бөгөөд өөрийн гэсэн ая дан, тусгай уншлагатай байдаг нь соёлын биет бус томоохон өвд тооцогдсоор, хадгалагдсаар ирсэн байна. Энэхүү соёлын өвийг нутаг оронд эрдэмтэй лам хуврагууд олон төрж байсны буянаар нутгийн зон олон маань хөгжөөж, Хажидын номын аймгийн ерөөл, маанийг ая дантай уншин өнөө хүртэл тээж ирсэн уламжлалтай. ШИРЭЭТИЙН ХИЙДИЙГ СЭРГЭЭН БАЙГУУЛАХЫН УЧИР Шива ширээт хутагтын Ширээтийн хүрээний үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэн, шинэчлэн баяжуулж, сэргээн байгуулан хойч үедээ өвлүүлэн үлдээх нь Чулуут сумын ард иргэд, сүсэгтэн олон бидний үүрэг билээ. Монгол Улсад шинэ төрийн тогтолцоо тогтон шашин сүм хийдийн харилцаа нээлттэй болсон цаг үе буюу 1990 оноос Чулуут суманд Хуримын ордны модон гэрт шашны үйл ажиллагааг сэргээн эхлүүлж, Сүсэгтний холбоо байгуулагдаж, нутгийн сүсэгтэн олны хөрөнгөөр Ширээтийн хүрээний уламжлалыг хадгалсан “Дэчэнравжайлин” хийд байгуулан Шива Ширээт хутагтын хийдийн шашин номын үйлийг таслалгүй эрхэлсээр байгаа билээ. Өдгөө тус хийдийн барилга элэгдэн муудаж, сүсэгтэн олонд үйлчлэх зай талбай хүрэлцээгүй болсны учир шинээр хийд барьж байгуулах бодит шаардлага үүсээд байна. ШИВА ШИРЭЭТ ГЭГЭЭНТНИЙ ХИЙДИЙН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ Шива ширээт хутагтын хийдийн үйл ажиллагааг уламжлан залгамжлах зорилгооо "Дэчэнравжайлин” хийдийг шинээр барих ажлыг сумын сүсэгтэн лам нар болон Чулуут сумын уугуул Д.Цэндийн үр хүүхдүүд санаачлан “ШИВА ШИРЭЭТ ГЭГЭЭНТНИЙ ХИЙДИЙН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ”-ийг эхлүүлээд байна. Чулуут сумын Өлзийт хороололд 2021 оны 9 дүгээр сарын 9-ний буюу билгийн тооллын намрын дунд сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Дээрхийн гэгээнтэн 14-р далай багшийн дэргэдэх “Намжил” дацангийн хансүр аграмба Жадо ринбүчи багшийг залан хийдийн газрыг шинжүүлж, Цогчин дуганын шавыг тавиад байна. Төслийн хүрээнд цогчин дуган, гэгээний лаврин, лам нарын байр, бурханы 8 суврага, хашаа орчны тохижилт, гэрэлтүүлэг бүхий цогц байгууламжтай хийдийг барих бөгөөд барилгын ажлыг 2022 оны 4 дүгээр сард эхлүүлж, 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Шинээр баригдах Шива Ширээт хутагтын “Дэчэнравжайлин” хийдийн Цогчин дуганыг өглөгийн эзэн, Чулуут сумын уугуул Д.Цэндийн үр хүүхдүүд бүрэн хариуцаж бариулах юм. Тэгвэл ҮЛДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД болох Дааман хаалгатай хийдийн хашаа/1 га/, Сэрэг дүрээр бүтээх бурхад: Бурхан багш, 2 шавийн хамт Богд лам, 2 шавийн хамт Лхам сахиус Хажид бурхан Ямандаг бурхан Цагаан шүхэрт бурхан Дэмчиг бурхан Гурван цагийн бурхан Хийдийн хурлын хэрэглэл/ цан, сэлнэн, бүрээ, бишгүүр, хэнгэрэг, овоодой, шашир гэх мэт/ Гүнгэрваа, жавдан суудал, ширээ, сандал, хийдийн чимэглэл/дүг, бад, жанцан гэх мэт/ Камержуулалт/гадна, дотно/ Хийдийн гадна тохижилт, талбай, явган хүний зам Лам нарын байр зэргийг барьж байгуулах ажилд нутгийн сүсэгтэн олон та бүхний өглөг хандив, хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм. Иймд Хийдийн захиргаанаас хандивын данс нээж, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, бусад аймаг орон нутаг, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй нутгийн иргэд, нутгийн зон олныг Шиваа Ширээт хутагтын “Дэчэнравжайлин” хийдийг шинээр барих ажилд өглөг хандив өргөн, идэвхитэй оролцохыг уриалж байна. Хандивын данс: ХААН банк, Данс: 5151148427, Дансны нэр: Шиваа ширээт гэгээнтэний дэчэнравжайлин хийд
Холбоо барих:
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ. Шива ширээт гэгээнтний төслийн ажлын хэсэг.
|