Чулуут сум эрт дээр цагаас алдартай уяачид, шандаст хурдан хүлгүүдээрээ нэрд гарсан нутгийн нэг билээ. Уясан хурдан аргамагийнхаа сойлго, хагсрааг нь нарийн тааруулдаг эрдэмтэй, аймаг, сумынхаа наадмын түрүү, айргийг байнга авч алдаршисан Лхагвийн Балжинням, Жамьянжавын Намшрай, Нямсүрэнгийн Самбуу, "хамар" хэмээх Равжаа, Сандуйжавын Луутар, "баян" гэж алдаршсан Тэрбиш нар энэ л нутгаас төрсөн дээхэн үеийн " аймаг, сумын аварга" уяачид юм.
Аймгийн наадамд хэдэнтээ түрүүлсэн Одсорын хонгор, Сандуйжавын хул алаг, Самбуугийн хүрэн, Бужаагийн зээрд, Тэрбишийн буурал, Гэрэлтийн хүрэн халзан, Уртнасангийн улаан, Равжаагийн халиун, Луутарын гэтүүт хээр, Дахиарайдийгийн буурал зэрэг уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж байсан түрүүхэн үеийн салхин хурдан хүлгүүдийг залгамжилсан С.Гантулгын бор хээр, Т.Бадамжунайн хээр, Д.Батжаргалын хүрэн, Д.Лхамжавын хээр, Г.Батбаатарын хар, Д.Жигмэдцэдэнгийн шар хээр, Ж.Баасанжавын алаг, Ц.Бат-эрдэнийн хээр, Р.Сайнбилэгийн бор хээр, Ж.Лодойдамбын хээр халиун морь нь сайн давхиж аймгийн болоод зэргэлдээх сумдын баяр нааДмын түрүү магнайг авсаар байна.
Тус нутгийн хүүхэд багачууд балчир цагаасаа хүлгийн зоонд дарцеглан өсдөг, унасан хурдан хүлгээрээ олон жил уралдаж ая данг нь сайтар мэддэг учраас газар, уралдааныхаа замын байдалд тохируулан хурдлуулдаг малч удмын хан юм.Чулуут сум нь шандаст хурдан хүлгүүдээс гадна жороо, уургач морьдоороо ихээхэн алдартай байлаа.Тэрбишийн борлог, Р.Нацагдоржийн "гаанан хээр" зэрэг нутаг нугадаа алдраа дуурсгасан цуутай жороо хүлгүүд байсны зэрэгцээ Самбуу, Дашдэндэв мэтийн шилдэг уургач морьдтой, өөрсөдөө ч сайн уургач олон байжээ.Харин сүүлийн үед морьдыг уургалж барьдаг нутгийн уламжлал алдрах тийшээ хандсан нь харамсалтай юм.Адуу сайтай, хурдан, жороо, уургач хүлэг олонтой, бас адууны эрдэмд боловсорч, уяа сойлгыг нь тааруулдаг нэрт уяачдын зах зухаас нь өчүүхэн дурдав.